Мэндчилгээ

Баянхонгор аймгийн Баацагаан сум нь 1924 онд байгуулагдсан.  Манай сумын ард иргэд  их хөдөлмөрч, хичээнгүй зон олоон. 

Сумын орон нутгийн ард иргэдийн  хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлсээр ирсэн. 1939 онд улсад ноос бэлтгэлээрээ тэргүүлж маршал Х.Чойбалсангаас "Баярын бичиг" гардаж авсан, 1976 онд сумын "Чойбалсангийн зам" нэгдэл нь "Алтан гадас" одонгоор тус тус шагнуулж байсан.

Сум орон нутгаас минь авьяас чадвар, хөдөлмөр бүтээлээрээ олонд танигдсан алдар цуутнууд  олон төрсөн гарсан.

Монголын яруу найргийн нэрт төлөөлөгч Хүрэн морины хэмээн алдаршсан Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Пүрэвсүрэн нар бол бидний төдийгүй монголын бахархалт хүмүүсээ.

 Нутаг орноосоо төрсөн гарсан алдарт хүмүүсээрээ бахархан, төрж өссөн эх нутаг, түүх соёл, өв уламжлалаа сэргээн таниулж, бахархан дээдлэх төлөвшлийг бий болгоно.

Манай сумын хувьд байгаль нь унаган дагшнаараа, ямар нэгэн уул уурхай, байгалийн нөөцийг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явагдаагүй. Бид цөлжилтийг бууруулах чиглэлээр мод тарих, заг хамгаалах, газар хаших гээд олон талт арга хэмжээг авч ажиллаж байна.

Ард иргэдийг соён гэгээрүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан, төрж өссөн нутаг усаа дээдлэн хамгаалахын  зэрэгцээ төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагтаа үр дүнтэй бодитой хэрэгжүүлэн ажиллахыг эрхэмлэж байна.

Сумынхаа иргэдийн оролцоо, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийг боловсруулан ажиллаж, сумын брэнд бүтээгдэхүүнийг бий болгож эдийн засгийн эргэлтэд оруулна.

Мөн түүнчлэн "Шинэ сум" төсөл хэрэгжиж буйтай холбогдуулан орон нутгийн залуусыг ажлын байраар хангаж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог нэмэгдүүлнэ.

Түүх, соёлоо эрхэмлэн дээдэлж, эх нутгаа хөгжүүлнэ. 

Хүндэтгэсэн: Баацагаан сумын Засаг дарга С.Энхтөр

2022-11-01 17:31:38