Байгалийн үзэсгэлэнт газрууд

Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Бөөн цагаан нуурт 99 гол, горхи нийлж мөрөн болоход ганцхан гол тутсан гэдэг Байдрагийн гол цутгадаг. Нуурын өргөн нь 11км, урт нь 24 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна. Энэ нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөн цагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Бөөн цагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг, дэлхийд гайхагдсан ховорхон нуур юм. Монгол улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог.

Бөөнцагаан нуурын домог

Эрт галавын үед хорон санаат баян ноёны санаархаж байсан үзэсгэлэнт бүсгүй нутгийн ядуу бор залуу хоёр хайр сэтгэлтэй болжээ. Тэр хоёрыг элдвээр оролдоод ч салгаж чадсангүй. Тиймээс хоёуланг нь хороож, хангайн уулын өвөрт нутаглуулжээ. Гэтэл тэнд нь хоёр сайхан мод ургаж, орой оройгоор нийлж мөчир нь хоорондоо сүлжин найрсан ургасан байна. Өширсөн баян тэр даруй модыг тас хөрөөдүүлж, шатаагаад үнсийг нь хоорондоо гурван өртөө хол зайтай хоёр ууланд аваачиж булжээ. Төдөлгүй тэр хоёр цэгээс нэг нэг булаг дэлбэрэн оргилж замын булаг шандтай нийлэн томорсоор гурван өртөөний цаана хоёул хоорондоо уулзан нийлж нэг том гол болон урсаж Алтайн нурууны ар хоолойд тогтон, Бөөнцагаан нуурыг үүсгэсэн гэдэг. Сонирхуулахад, Тус нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөнцагаан хэмээн нэрийдсэн түүхтэй аж.

2022-11-01 16:14:07